Эрхэм хүндэт Алтанбулаг сумын ард иргэд, малчид, хөдөлмөрчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Нутгийн ард түмэн минь тарган тавтай сайхан өвөлжиж байна уу.  2016 оны сумын  иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар Монгол Ардын Намд итгэл хүлээлгэн сонгосонд талархаж байна. Түмэн олныхоо итгэлээр төрөлх нутгийнхаа Засаг даргаар сонгогдож байгаадаа баяртай байна.

Төрсөн нутгийнхаа хөгжил  цэцэглэлт, ард түмнийхээ ая тухтай амьдралын төлөө хийж бүтээх их үйлсийн аянд хүлгийн жолоогоо залж, хүсэл эрмэлзлэлээр дүүрэн ажлын гараагаа эхэллээ. Хүн ам эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, байгаль орчин, ногоон хөгжил, дэд бүтэц, үйлдвэржилт, эдийн засаг, хууль хяналтын хүрээнд бодлогын баримт бичгээ боловсруулан хэрэгжүүлэхээр анхаарч ажиллаж байна.  Төрийн албан хаагчид болон төсвийн байгууллагын дарга, эрхлэгч нарын ажлын хариуцлага, үр дүн чанарыг дээшлүүлж хариуцлагын тогтолцоог чангатгаж ажиллах болно.  Бичин жилийн энэ өвлийг хүн бүр хөдөлмөр зүтгэлээрээ даван туулах амаргүй даваа бидний өмнө тулгараад байна. Иймд малчид, ард иргэд нэн тэргүүнд хувийн эрүүл мэнддээ онцгой анхаарч эм, тариа, дулаан хувцасаа бэлдэх, малын өвс тэжээлийн нөөцөө сайн татах, мал сүргээ мал эмнэлгийн иж  бүрэн үйлчилгээнд хамруулах зэрэгт  анхаарч ажиллах  шаардлагатай байна.

Эзэн хичээвэл

Заяа хичээнэ гэдэг. Айл бүрийн хойморт жаргалын наран гэрэлтэж, Азай буурал, алаг бяцхан үрс эрүүл энх байж, зон олон минь өвлийг өнтэй давж, цог золбоо од хиймориор дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.

Засаг дарга Д.Батсуурь